Ангийн андтай аялсан Адууны Баяр

Хүн байх сайхаан. Гэхдээ Монгол хүн байх бүүр сайхан. Монгол эр хүн болж төрсөнийх морин дэл дээр холын замыг туулж уулс бараадан аялахыг, хээрээр гэр хийж хөтөлгөө морьтой холын наадамд явж үзэх тэр мэдрэмжийг авахыг хүсэж үзээгүй Эр Хүн ховор л байх. 2017 оны 7сарын сүүлч хөрш сумын алдарт уяачийн түмэн адууны баярт ангийн найзын хамт явсан тэр үе бол амьдралдаа явж байсан хамгийн сайхан дурсамжтай наадам байлаа. Үд дунд орох үед наадамд унаж явах морьдоо барин Үд хэвийх үед уургаа барин, дээлэн өмсөн, уургын морио хөтлөн хөрш сумыг зорих тэр мэдрэмж тэр үе үнэхээр бахдам сайхан. Хөтөлгөө морьтой зуны шөнийн сартайд зуурд замыг туулж зэрвэлзсэн нуруудын дунд шиврээ бороон дээлээ өмрөн, тохмоо дэвсэн, эмээлээ дэрлэн маргаашийг наадмыг л гэхээс нойр хулжих тэр мэдрэмж......
Хүсэл ёсоор өглөө болохын шөнийн саруулд наадам болох газраас 7-8км зайд хамгийн өндөр уулынх нь ард хоноголсон байлаа. Өглөө нар уулын цаанаас зүүмэгхэн цухуйна Сэрэх цаг болжээ гэсэн мэт. Морьдоо эмээлэн уулын оргил дээр гарах мөч....... тэс хийсэн мэлийн харагдах үүдийн хөндий харагдана. Өглөөний наран бүлээн илчээрээ бүрхжээ яг л хаалга онгойх мэт гэгээн гэрэл. Уужим нутагт чинь өнөөдрийн наадам дэлгэр сайхан болноо гэсэн мэт гайхалтай сайхан байлаа.

Өглөөний 8.00 цаг наадмын үйл ажиллагаа Азарга насны уралдаанаар эхэлж зохион байгуулагч Алтан унаганы эзэн алдарт уяач Жигжидсүрэн гуай нээлтийг хийв. Залуу бөхчүүд барилдаж нутаг нутаг, сум сумд, нуга нугын ард иргэд цугларсан байлаа. Манай сумаас ч бас олон хүмүүс адуучинд оролцох барилдах залуус, мөн хурдан хүлгийнхээ шандасыг сорих уяачид ирсэн байлаа. Бид ч нутгаараа цугларан сумынхаа морьд, бөхөө дэмжин суучгаав. Би тэр бүгдийг тэр хүмүүсийн баярлаж байгааг нутгаараа хэрхэн нэгдэж байгаа, залуус хэрхэн танилцаж хүч бяраа үзэн нөхөрлөж байгааг, бүгдийг нь л гэрэл зурагийн хальсанд үлдээхийг хүсэж байлаа. Яг л нэг тэр мөч...
Удалгүй соёолон насны морьд ирж манай Хонгор халзан үрээ маань түрүүлэв. Мөн бусад насны морьд бөхийн барилдаан ч ар араасаа өргөн дэлгэр сайхан боллоо. Үд болж ирсэн зочид буцдагийн адилаар наадам ч дуусч бид ч буцах болов. Ингээд наадам өндөрлөхөд Соёолон маань түрүүлж даага авч, бөхийн үзүүр түрүү, адуучин тэмцээний дэд байр,  мөн 1 аман хүзүү 2 айраг сумынхан маань хүртэж сайхан наадаж наадам тарж бид 2 ч гэрийн зүг морьдоо унан хөдөллөө.

Буцах замдаа үдшийн бүрий орохоос сарны саруултайд золготол айлын гадуур дуу аялсан морьдын төвөргөөнөөр өнгөрөх тэр мэдрэмж хамаг омогшилийг маань БАДРААЖ байв.

Хол газрын наадамыг үзэх хамгийн сайхан мэдрэмж бол нутгаараа нэгдэн нэгнийгээ дэмжин илүү эвлэлдэн нэгдэж ураг саднаа мэдэлцэх, танихгүйгээ таньж тал нутгийн мэндийг мэдэлцэж эвлэлдэн нэгдэх тэр л мэдрэмж хамгийн сэтгэлд уужим нь байлаа.... 

























No comments:

Post a Comment

popads

PopAds.net - The Best Popunder Adnetwork

Намайг дэмжээрэй

INSTAGRAM FEED

@zolzaya_zl